Танин Мэдэхүй

БУРХАНД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ

Нэгэн залуу шууданд захиа ялгах ажил хийдэг байжээ. Түүний ажил захидлын хаягийг сайтар шалгаж, зөв хаяг руу захиаг илгээх байв.

Харин нэг өдөр гараар бичсэн нэгэн захидал ирснийг залуу олжээ. Гэхдээ “Бурханд” гэж хаягласан нь түүний сонирхлыг ихэд татсан байна. Нэгэнт захидлыг буцаахаас хойш задлаад үзчихье гэж өнөөх эр шийдээд унштал ийн бичсэн байжээ.

“Бурхан минь та байдаг л юм бол надад туслаач. Би одоо 83 настай, ганц бие эмгэн. Гэтэл нэг муухай этгээд миний цүнхийг хулгайлчихлаа. Тэр дотор миний тэтгэврийн 100 доллар байсан юм. Дараагийн сар хүртэл би яахаа мэдэхгүй байна. Хамгийн гол нь ирэх ням гаригт ээжүүдийн өдөр болох гэж байгаа тул би хоёр сайн найзыгаа оройн хоолонд урьсан байсан юм. Одоо хүнс авах ямар ч мөнгөгүй болоод байна. Эргэж тойрох хамаатан садангүй тул бурхан минь та л миний ганц итгэл найдвар болоод байна. Надад туслаач” гэсэн байлаа.

Залуу настай эмэгтэйн захидалд сэтгэл нь хөдөлж, бусад ажилчиддаа уншиж өгчээ. Ингээд тэд эмээд зориулан мөнгө цуглуулж өнөөх 100 долларыг нь өгөхөөр хичээжээ. Харин ням гаригаас өмнө илгээх ёстой тул цугларсан 96 доллараа дугтуйнд хийн илгээсэн байна.

Энэ өдөр тэдний хувьд маш том баярын өдөр байлаа. Хөгшин хатагтай хэрхэн баярлаж байгааг төсөөлөн, дараагийн захидлыг ямар сайхан захиа ирэх бол хэмээн хүлээцгээлээ. Хэдэн өдрийн дараа өнөөх хатагтайгаас бурханд хаягласан захидал иржээ. Ажилчид бүгд цуглан захидлыг хамт уншлаа.

“Бурхан минь. Та надад ямар их аз жаргал бэлэглэснээ мэдэж байна уу? Таны өгөөмөр нинжин сэтгэл үнэхээр агуу юм. Би найзуудтай сайхан оройн хоол хийж идэн, ээжүүдийн баярыг сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Тэгээд би тэдэнд таны бэлгийг бас хэлсэн. Өө тийм, танд гэж хэлэхэд таны илгээсэн мөнгөний 4 доллар нь алга болсон байна билээ. Шуудангийн хөгийн амьтад дундаас нь авснаас зайлахгүй” гэсэн байжээ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button