Танин Мэдэхүй

Аавын хайр

Манайхан нэг нэгнээ хайрладаг үнэхээр аз жаргалтай гэр бүл. Бид жил болгон амралтаараа зугаалганд явдаг уламжлалтай. Харин нэг жил бид аялж явахдаа автын осолд орж, аав бид хоёр хүнд бэртэл авсан юм. Би тэргэнцэр дээр сууж харин аав минь суга таягтай явах боллоо.

Надад энэ үед хичнээн хэцүү байсныг адилхан зовлон амссан хүмүүс л төсөөлж чадах байх. Би олон хоног уйлж олон хоног бараг ухаангүй юм шиг л байсан. Үлдсэн амьдралаа суугаа өнгөрөөнө гэдэг бол миний хувьд үхсэнээс ялгаагүй зүйл байлаа. Найз нөхөд таньдаг хүмүүс минь намайг өрөвдсөн харцаар харна. Энэ үед би насан туршдаа хүнээр өрөвдүүлж амьдрах гэж үү дээ хэмээн бодож зүрхэндээ уйлдаг байв.

Надтай адилхан эрүүл саруул хүн шиг үлдэж чадаагүй аавынхаа, мөн гэр бүлийнхнийхээ сэтгэл санааг зовоохгүйг хичээдэг байсан боловч нэг л болж өгдөггүй байлаа. Амиа ч хорломоор санагддаг үе олон байсан. Харин хүнд хэцүү үеүдэд аав минь “Охин минь би бүгдийг ойлгож байна. Хоёулаа энэ бүгдийг тэсээд гарна шүү” гэдэг байлаа.

Аав минь надад үнэхээр гайхалтай үлгэр дуурайлал үзүүлж чадаж байсан юм. Гэр бүлийнхнийхээ, тэр дундаа аавынхаа хайрын хүчээр би энэ бүгдийг даван гарч ахлах сургуулиа төгсөж бусадтай адилхан дээд сургуульд орох өдөр ирсэн юм. Энэ үед аав минь надад “Хоёулаа чадсан шүү. Миний охин цаашид ч үүнээс илүүг хийж чадна. Аав нь охиноороо бахархаж байна” гэж хэлж билээ.

Явж чадахгүй намайг элсэлтийн шалгалт өгдөг өдөр гэрийнхэн маань хүргэн өгч, шалгалтаа өгөөд гарч ирэхэд угтаж авсан юм. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Олон хүний бужигнаан дунд гэнэт нэг жаахан охин тоглож явж байгаад машины өмнүүр гүйж орлоо. Энэ бүхнийг харж байсан бүгд сандарч, дор бүрнээ дуу алдан орилцгоож байсан ч хэн ч, юу ч хийж чадахгүй зогссоор.

Харин энэ үед аав минь тулж явсан таягаа хаян охиныг чиглэн гүйлээ. Бүгд алмайран харж байтал аав минь бяцхан охиныг тэвэрчихсэн юу ч болоогүй юм шиг ирж яваа харагдав. Би бараг нүдэндээ ч итгэсэнгүй. Сайн явж чаддаггүй аав минь эв эрүүл хүн шиг алхаж байлаа. Аав, аавын хөл эдгэчихлээ гэж үү дээ гээд би бүр гайхаж хоцров.

-“Ээж та харсан биз дээ. Аав зүв зүгээр болчихлоо. “

Энэ үед ээж над руу нухацтай харснаа:

“Охин минь чамайг энэ нууцыг хэзээ нэгэн цагт мэднэ гэдгийг би мэдэж байсан. Тэр өдөр нь өнөөдөр байж. Үнэндээ осол гардаг өдөр аавын чинь хөл огт бэртээгүй. Гар нь л бэртсэн. Гэхдээ чамтай хамт байж, чиний сэтгэлийг ойлгож, чиний зовлон гунигийг хуваалцахын тулд 4 жилийн турш таягтай явлаа.

Хэрэггүй гэсэн боловч аав чинь огт хүлээж аваагүй. Тэр чамтай хамт байж чамайг тайтгаруулж, чамайг илүү ойлгох цорын ганц зөв гарц бол энэ гэж үзэж байсан. Одоо чи бүгдийг мэдлээ. Ээж нь ч гэсэн аавын чинь гайхалтай чанарт хайртай. Бяцхан охиныг аврах гээгүй бол аав чинь амьдралынхаа турш таягтай явах байсан гэдэгт би итгэлтэй байна” гэв. Эвий дээ муу аав минь. Таны хөл зүгээр гэдгийг сонсоод би өөрөө алхаж байгаа юм шиг ямар сайхан санагдаж байна вэ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button