Танин Мэдэхүй

Ажил уу, амьдрал уу?

Эхнэр гурван хүүхдээ тэжээж, хоосон хонуулахгүйн тулд шургуу ажилладаг нэгэн эр байжээ. Тэрээр өдөржин ажилласныхаа дараа одоо байгаагаасаа илүү их цалинтай ажилд орохын тулд өөрийгөө хөгжүүлж хичээл ном үзэж судалдаг байв.

Ням гаригаас бусад өдөр тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн хоолоо идэж амждаггүй байж. Залуу эр гэр бүлээ хангалуун амьдруулж, мөнгө санхүүгээр дутаахгүйн тулд л хамаг цагаа ажилдаа эсвэл сурахад зориулдаг гэж боддог байжээ.

Гэр бүлийнхэн нь гэртээ цаг гаргахгүй байна гэж гомдоллох тоолонд “Та нарынхаа л төлөө энэ бүгдийг хийж байгаа шүү дээ” хэмээн тайлбарлана. Гэсэн ч эхнэр хүүхдүүддээ цаг зав гаргаж чадахгүй байгаадаа санаа нь ихэд зовдог байв. Түүний удаан хичээсний үр дүн гарч, тун удалгүй хавьгүй илүү цалинтай ахлах байцаагчийн ажил санал болгожээ.

Гурван хүүхдийн аав залуугийн мөрөөдөл биелж, гэр бүлийнхэн нь хүссэнээ өмсөж зүүж, идэж ууж чадахаар болжээ. Гэсэн хэдий ч гэр бүлийнхэн нь түүнийг олж харах нь улам бүр цөөрөв. Залуу улам бүр шаргуу зүтгэхдээ тушаал дэвшиж менежерээр ажиллахыг хүсэж байв. Энэ хүслээ биелүүлэхийн тулд дээд сургуулийн оройн ангид элсэн оржээ.

Гэр бүлийнхэн нь мөн л түүнд хамт байх цаг огт гаргахгүй байгаад гомдоллоход залуу энэ бүгдийг тэдний л төлөө хийж байна хэмээн тайлбарлана. Тайлбарлах болгондоо эхнэр хүүхдүүддээ цаг зав гаргаж чадахгүй байгаадаа санаа нь ихэд зовдог байв. Түүний шургуу зүтгэсний үр дүн гарч менежерийн албан тушаалд томилогджээ.

Залуу илүү их цалин авах болсон тул эхнэрээ гэрийн ажлаас чөлөөлж, үйлчлэгч хөлслөн ажиллуулах болов. Мөн гуравхан өрөөтэй байраа томсгож, үнэтэй тавилгууд худалдан авчээ. Тэрээр шаргуу ажиллаж суралцсаны үр дүн гарч байгаад баярлан улам хичээх болов.

Харамсалтай нь гэрийнхэн нь түүнийг бараг олж харахаа больжээ. Бүгдийг унтсаны дараа гэртээ ирж бүгдийг сэрэхээс өмнө ажилдаа явдаг байв. Амралтын өдөр хүртэл ажлынхаа цар хүрээг илүү тэлэхийн тулд хамтран ажиллагч байгууллагын удирдлагуудтай уулзаж суух шаардлага гарна. Гэр бүлийнхэн нь мөн л түүнд хамт байх цаг огт гаргахгүй байгаад гомдоллох үед залуу энэ бүгдийг тэдний л төлөө хийж байна хэмээн тайлбарлана.

Тайлбарлах болгондоо эхнэр хүүхдүүддээ цаг зав гаргаж чадахгүй байгаадаа санаа нь ихэд зовдог байв. Түүний цалин улам нэмэгдэж өмнөхөөсөө ч илүү сайхан эдлэн газар бүхий байшин худалдан авчээ.

Нэгэн ням гаригийн үдэш тэрээр эхнэр хүүхдүүддээ “Энэ өдрөөс эхлэн дахин хэзээ ч албан тушаал хөөцөлдөхгүй, сургууль курст ч орохгүй та нартайгаа үргэлж хамт байх цаг гаргана” гэж амлажээ. Гэвч шургуу залуу маргааш өглөө нь гүн нойрноосоо эргэж сэрсэнгүй.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button