Танин Мэдэхүй

УХААЛАГ НОХОЙ

Махны мухлагийн худалдагч дэлгүүрт нь нохой орж ирсэн байхыг хараад ихэд уурлан хөөн гаргажээ. Гэвч тун удалгүй нохой дахиад л ороод ирчихсэн байхыг хараад нохойг хөөхөөр очихдоо амандаа нэгэн цаас зуучихаад өөрт нь өгөх гэж оролдож байгааг анзаарчээ.

Худалдагч нохойн амнаас бичиг бүхий цаасыг авч унштал “Надад 12 шарсан зайдас, нэг хонины гуя өгөөч” гэсэн бичсэн байв. Нохой амандаа 10 доллар зуусан байлаа. Мухлагийн эзэн мөнгийг нь хүссэн зүйлийг нь уутанд хийгээд аманд нь зуулгаж өглөө.

Энэ маягаар олон өдөр өнгөрч, нохой ч тэдний өдөр тутмын үйлчлүүлэгч болжээ. Нэгэн өдөр мухлагийн эзний сониуч зан хөдлөн дэлгүүрээ хаагаад нохойг дагахаар шийджээ. Нохой замын уулзвар дээр ирээд ногоон гэрэл асахыг хүлээж, гэрэл асангуут болгоомжтойгоор зам хөндлөн гарлаа.

Дараа нь автобусны буудал дээр очин хэдэн цагт хаашаа хүрдэг унаа явах тухай мэдээлэл бүхий самбарыг харж эхлэв. Махны мухлагийн эзэн энэ бүхнийг гайхан харж нохойны ухаантайг магтан бодож байлаа. Хэд хэдэн автобус өнгөрсөн боловч нохой суулгүй зогссоор өөрийнхөө суух автобусанд оров.

Энэ үед мухлагийн эзэн бүр ч гайхаж араас нь орлоо. Нохой автобусанд ороод явж буй газраа цонхоор анхааралтай ажиглан буух газраа харах бөгөөд нэлээд хол газар явсаар хотын захад хүрч автобуснаас буув. Нохой энэ хооронд амандаа зуусан хүнсээ нэг ч удаа газар тавилгүй зуусаар явсан аж.

Ухаалаг нохой, мухлагийн эзэн хоёр урт гудамжаар нэлээд явсны эцэст нэгэн том хашаатай байшингийн урд зогслоо. Нохой хашааны хаалгыг онгойлгох гэж хэсэг оролдсоноо авч явсан хүнсээ хашаан доогуур шургуулан өөрөө нэлээд холоос хашаа даван үсрэв. Хашаан дотор ороод ууттай хүнсээ амандаа зуун гэрийн хаалгыг хөлөөрөө тогшин хүлээж зогсов.

Мухлагийн эзэн энэ бүхнийг төмөр хашааны сараалжаар харж зогсонгоо “Ямар азтай хүн ийм ухаантай нохойны эзэн нь байдаг бол” хэмээн боджээ. Харин байшингийн хаалга онгойж, том биетэй залуу гарч ирээд уурлан зүхэж, хараал урсган нохойг өшиглөж, балбав.

Үүнийг харсан мухлагийн эзэн сандран орилж, залууг зогсоонгоо “Юу хийж байгаа чинь энэ вэ? Би хэзээ ч ийм ухаантай амьтан үзээгүй. Телевизийн нэвтрүүлэгт оролцвол хүн бүр энэ нохойны чадварыг гайхан бахдах болно” гэжээ. Залуу хариуд нь “Та манай нохойг ухаантай гэж байгаа юм уу. Энэ мангар амьтан сүүлийн долоо хоногт хоёр дахь удаагаа түлхүүрээ авч явахаа мартаж, надаар хаалгаа онгойлгуулж байна” гэжээ.

Яг үүнтэй адил хүмүүс өөрт нь ямар гайхалтай эрдэнэ байгааг олж анзаардаггүй, огт сэтгэл ханамжгүй байдаг. Жишээлбэл ажил олгогч өөрийнх нь ажилтнууд хичнээн олон жилийн турш үнэнчээр зүтгэж байгааг огт анзаардаггүй.

Удирдлагууд зөвхөн өөрсдийнхөө хар амийг бодож өөрийгөө дээгүүрт тооцон бардамнах нь элбэг. Гэхдээ ажиллагсадгүйгээр бол тэд хэн ч биш юм. Харин ухаантай бүтээлч чанарыг эрхэмлэдэг удирдлагууд өөр дээрээ төвлөрөхөөс илүү ажиллагсад дээрээ төвлөрснөөр үр бүтээлтэйгээр ажлаа урагшлуулж чаддаг.

Хэн төгс удирдагч болохыг хүснэ тэр хүн эхлээд үйлчлэгчээс эхлэх хэрэгтэй гэсэн эртний мэргэн үг бий.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button