Танин Мэдэхүй

ХОР

Эрт цагт Лили нэртэй охин гэрлэж нөхөр, хадам эхийнхээ хамт амьдрахаар болжээ. Гэр бүл болоод тун удаагүй байхдаа Лили хадам эхтэйгээ амьдрах үнэхээр хэцүү тэсвэрлэшгүй болохыг ойлгож эхэлжээ.

Тэдний зан араншин тэс өөрөөс гадна хадам ээжийнх нь маш олон үйлдэл ааш зан Лилигийн дургүйг хүргэдэг байв. Мөн хадам нь Лилигийн хийсэн үйлдэл бүхнийг шүүж энэ тэр гэж үглэхээс залхаж байлаа. Өдөр хоног өнгөрсөөр. Лили хадам ээж хоёрын хоорондох тэмцэл, зөрчилдөөн улам бүр ширүүссээр.

Гэвч эртний ёс заншлын дагуу Лили бүхэнд бууж өгөн хадмынхаа тэвчишгүй аашийг тэсвэрлэн, хүссэн бүхнийг нь биелүүлж толгой бөхийхөөс өөр аргагүйд хүрдэг байв. Эцэст нь Лили хадам ээжийгээ цаашид тэвчиж чадахгүй болоод энэ бүхнийг зогсоох ямар нэгэн арга зам хайж олохоор шийджээ. Лили аавынхаа сайн найз болох элдэв төрлийн өвс ургамал зардаг ноён Хуан дээр очихоор шийджээ.

Лили түүнд болж буй бүх асуудлаа яриад энэ асуудлыг бүрмөсөн шийдэж болохоор хортой эмийн ургамал байгаа эсэхийг асуулаа. Ноён Хуан хэсэг зуур бодож байснаа эцэст нь “Лили, би чамд асуудлаа шийдэхэд чинь туслах болно. Гэхдээ чи миний хэлснийг сайтар сонсч үгэнд минь орно шүү” гэв. Лили хариуд нь “Тэгэлгүй яахав. Би таны юу хэлсэн болгоныг биелүүлэх болно” хэмээн зөвшөөрөхөд ноён Хуан эмийн ургамал хадгалдаг өрөө рүүгээ ороод хэсэг хугацааны дараа ууттай эмийн ургамал авчран Лилид өгчээ.

Тэр Лилид “Энэ хорыг хурдан хэрэглэж болохгүй. Бага багаар удаан хугацаанд өгснөөр хадмын чинь биед аажмаар хор үйлчлэх болно. Хэрэв нэг дор ихээр хэрэглэх юм бол хадам ээжийг чинь хордож үхсэн болохыг хүмүүс мэдээд чамайг сэжиглэж болох юм. Энэ хорыг уулгах болгондоо гахайны эсвэл тахианы мах чанаж өгөөрэй. Мөн хадам ээж чинь нас барах үед хэн ч чамайг сэжиглэхгүй байхын тулд чи түүнтэй харилцахдаа анхаарч аль болох элэгсэг найрсаг байгаарай.

Түүнтэй бүү маргалдаж муудалц, хүссэн бүхнийг нь биелүүлж яг л хатан хаантай адил харьцах хэрэгтэй” гэлээ. Лили ихэд баяртайгаар ноён Хуанд талархаад хадам ээждээ хороо өгч эхлэхээр гэр лүүгээ яарлаа. Өдөр сарууд ээлжлэн өнгөрсөөр. Лили хадам ээждээ хорт ургамал бүхий гахай, тахиан махаа тасралтгүй өгсөөр байв. Тэр ноён Хуаны хэлсэн үг бүрийг биелүүлж, хожим хадмынхаа үхэлд сэжиглэгдэхгүйн тулд өөрийнхөө ааш занг хянаж, хадмынхаа үг бүрийг биелүүлж, яг л төрсөн ээждээ хандаж байгаа юм шиг хандаж байлаа.

6 сарын дараа бүх зүйл огт өөрөөр өрнөж эхэллээ. Лили өөрийнхөө ааш занг маш сайн хянаж сурснаас гадна уурлаж уцаарлан, сэтгэлээр унахаа больжээ. Зургаан сарын турш хадамтайгаа нэг ч удаа маргаагүй бөгөөд хадам ээж нь түүнд таалагдаж хамт амьдрахад хялбархан санагдаж эхлэв. Хадам ээжийнх нь Лилид хандах хандлага ч өөрчлөгдөж, Лилиг өөрийн төрсөн охин шигээ хайрлах болжээ.

Тэрээр бэрээ найзууддаа болон хамаатнууддаа байнга магтаж ийм сайн бэрийг өөр хаанаас ч олохгүй хэмээн ярих болов. Лилигийн нөхөр болж буй бүхнийг хараад үнэхээр баяртай байлаа. Нэг өдөр Лили ноён Хуан дээр дахин очоод түүнээс туслахыг гуйв. “Ноён Хуан миний өгсөн хорноос болж хадам ээж минь үхээсэй гэж би хүсэхгүй байна. Тэр өмнөхөөсөө огт өөр болсон, би ч өөрийнхөө төрсөн ээж мэт хайрлах болсон” гэхэд ноён Хуан инээмсэглэн толгойгоо сэгсрээд “Лили юунд ч санаа зовох хэрэггүй дээ. Би чамд хэзээ ч хор өгч байгаагүй шүү дээ. Миний чамд өгсөн зүйл бол хүний тамир тэнхээг сайжруулдаг биед тустай амин дэмийн ургамал байсан юм. Гагцхүү цорын ганц хор бол чиний оюун санаанд, мөн хадамдаа хандаж байсан хандлаганд чинь байсан. Харин сүүлд хадамдаа өгсөн хайр чинь энэ бүхнийг оюун санаанаас чинь угаалаа” гэжээ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button