Танин Мэдэхүй

ХАР ДААШИНЗТАЙ САХИУСАН ТЭНГЭР

Цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд нэгэн охин сууна. Хүн бүхэн түүний хажуугаар яаран байгааг нь ч үл анзааран өнгөрнө. Тэдэнд энэ охин яагаад ийм уйтгартай суугаа нь огтхон ч хамаагүй санагдана.

Халтар хөлөндөө гутал ч өмсөөгүй, хуучин хар даашинзтай энэ охин хажуугаар өнгөрөх хүмүүсийг уйтгар хурсан нүдээр ширтээд л суугаад байв. Охин олон өдөр энд нэг л янзаараа суугаад байсныг би анзаарлаа. Нэг өдөр би энэ охин яагаад энд ийм уйтгартайгаар хэн нэгнийг хүлээж буй мэт суугаад байдгийг сонирхон асуухаар цэцэрлэгт хүрээлэн рүү очиход охин мөн л тэр газраа өчигдөр бас уржигдар байсан шигээ гунигтай харцаар бусдыг ширтээд л сууж байв.

Цэцэрлэгт хүрээлэн бол ийм бяцхан охин ганцаараа байх газар огт биш бөгөөд тэнд янз бүрийн сонин этгээд хүмүүс олноор холхино. Охиныг арагшаа харах үед нь би түүнийг бөгтөр болохыг нь анзаарав.

Тэгээд хэн ч түүнтэй ярилцаж туслахыг хүсдэггүй шалтгаан нь бөгтөр нуруутай нь холбоотой байж гэж бодлоо. Намайг түүнд дөхөж очих үед охин харцаа бууруулан надаас дөлж байв. Би түүний хажууд суун “Сайн уу охин минь” хэмээн мэндлэнгээ зүгээр л ярилцахаар ирснээ хэлэхэд охин сая тайвширч, миний нүд рүү удаан гэгч нь нухацтай ширтээд хариу мэндэллээ.

Намайг инээмсэглэх үед охин ч бас ичингүйрэн инээмсэглэв. Би охиноос яагаад дандаа энд ийм уйтгартайгаар суудгийг нь асуухад тэрээр “Би бусдаас өөр шүү дээ” гэв. Би хариуд нь “Энэ чинь л чи шүү дээ” гээд, -“Охин минь чи надад яг л бяцхан, цайлган тэнгэрийн элчийг санагдуулдаг” гэж хэлэхэд түүний нүдэнд оч гэрэлтэн өмнө минь босч зогсоод “Үнэн үү?” гэж асуув. “Тиймээ үнэхээр үнэн. Чи надад яг л хажуугаар өнгөрөх хүмүүсийг ажиглаж суугаа сахиусан тэнгэр элч шиг санагддаг” хэмээн би нотоллоо.

Би ингэж хэлснийхээ дараа нүдэндээ ч итгэсэнгүй. Бяцхан охины хар даашинзны цаана байсан бөгтөр нуруунаас далавч ургаж эхэллээ. Өмнө минь зогсох жинхэнэ тэнгэрийн элч надад “Тиймээ, би сахиусан тэнгэр байна. Би өөрөөсөө илүү бусдад анхаарал тавьдаг хүнийг хайж байлаа. Харин тэр хүнээ олчихлоо” гэв.

Би түүнийг нисэн одохоос өмнө “Яагаад сахиусан тэнгэрийн хажуугаар өнгөрч буй тэр олон хүмүүс түүнд туслахыг бодоогүй юм бэ” гэдгийг асуув. Тэрээр над руу инээмсэглээд “Та сахиусан тэнгэрт туслахыг хүссэн цорын ганц хүн. Та л намайг энд сууж байхыг анзаарч надад тусаллаа. Сахиусан тэнгэрүүд бусдыг боддог хүнд л тусалдаг юм” гэж хэлээд нисэн одсон юм.

Энэ цагаас хойш миний амьдрал алгуурхнаар дээшилж, намайг дандаа аз ивээх болж муу бүхэн намайг тойрон одох болсон юм. Таны сахиусан тэнгэр ч гэсэн хаа нэгтээ таныг туслахыг хүлээн сууж байгаа юм бил үү…

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button