Танин Мэдэхүй

Дөрвөн эхнэр

Маш баян нэгэн худалдаачин эр дөрвөн эхнэрийн хамт амьдардаг байжээ. Хэдийгээр дөрвөн эхнэртэй ч хамгийн бага эхнэртээ ухаангүй хайртай бөгөөд түүнийгээ сайхан бүхнээр тэтгэж, чамин бүхнийг авч өгнө. Гэвч хайртай эхнэр нь түүнд өгөөд гийгүүлээд байдаг зүйл алга байлаа.

Худалдаачин гурав дахь эхнэртээ ч мөн адил хайртай. Энэ эхнэрээ бусад баячуудад гайхуулах дуртай бөгөөд үзэсгэлэн гоогоороо бахархал болсон нэгэн бүсгүй байлаа. Гэхдээ л өөр баян эрс түүнийг нь булаачих вий гэхээс үхтлээ айдаг байсан гэнэ.

Харин хоёр дахь эхнэр нь баян эрийн хувьд ухаалаг, боловсролтой нэгэн бөгөөд бусад эхнэрүүдтэйгээ бус харин хоёр дахь эхнэртэйгээ л элдэв асуудлын талаар зөвлөлддөг байжээ. Тэгээд ч энэ эхнэр нь хүнд хэцүү үе тулгарахад үргэлж дэргэд нь байдаг байв.

Худалдаачин анхны эхнэртээ л хайргүй байлаа. Хэтэрхий үнэнч шударга, халамжтай, арын амьдралаа авч явдаг нь зөвхөн анхны эхнэр нь л байсан юм. Гэхдээ өөрт нь чин сэтгэлээсээ хайртай эхнэрээ нөхөр нь даанч хүн гэж үздэггүй байв.

Гэтэл худалдаачин эр хүндээр өвчилж, үхэх дөхөж байгаагаа ч гадарлаж эхлэв. Тэгээд өөрөө өөртөө “Би дөрвөн эхнэртэй атал ганцаараа үхэлтэй нүүр тулах гэж үү? Там ч бай, диваажин ч бай алинд нь ч би ганцаардахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Тэгээд дөрөв дэх эхнэрээ дуудан ирүүлээд “Би чамдаа хамгаас илүү хайртай билээ. Бүхий л сайхан болгоныг би чамдаа зориулдаг байсан. Гэхдээ одоо миний нас дуусчээ. Чи надтай хамт хойд ертөнцөд ч гэсэн хамтдаа байх уу?” гэж асуулаа. Харин хайртай отгон эхнэр нь түүнд “Хэзээ ч үгүй” гэдэг үгнээс өөрийг хэлэлгүй өрөөнөөс гүйх шахам гараад явчихав. Түүний энэ үг нөхрийнх нь зүрхийг хутгаар сийчих шиг л боллоо.

Хөгшин эр гурав дахь эхнэрээ дуудлаа. “Чи миний энэ насны бахархал байсан билээ. Одоо надтай хамт үхэж, үргэлж цугтаа байж чадах уу?” гэж асуув. Харин гурав дахь эхнэр нь “Үгүй ээ. Одоо байгаа амьдрал минь надад таалагдаж байна. Би угаасаа чамайг үхэхэд өөр эртэй гэрлэнэ.” гэж хэлээд гарлаа. Энэ үг нөхрийн сэтгэлийг мөс шиг л хөлдөөж орхижээ.

Хоёр дахь эхнэр орж ирлээ. “Эхнэр минь чи бид хоёр зовлон жаргалыг хамтдаа туулж ирсэн билээ. Надтай хамт дээд тив рүү явах уу?” гэж нөхөр нь асуув. Харин эхнэр нь түүнд хандан “Авааль нөхөр минь. Би чамдаа маш их хайртай. Гэвч намайг уучилж өршөө. Би энэ удаад зовлонг тань хуваалцаж үл чадна. Гэхдээ чамайг би эцсийн замд тань үдэж өгөх болно” гэлээ. Энэ хариулт баян эрийн сэтгэлийг гонсойлгоод зогсохгүй, үхэл рүү нь бүр ч түлхэж орхих шиг болов.

Гэтэл өрөөнд турж эцэж, тамир тэнхээ нь хэдийнэ барагдсан анхны эхнэр нь орж ирээд “Би чамайг хэзээ ч орхихгүй ээ. Би үргэлж чамтай хамт байж, хамт үхэх болно.” гэж хэллээ. Худалдаачин эр харин энэ үед нулимс дуслуулан “Би чамайгаа илүү ихээр хайрлах минь яалаа” гээд тэврэн авлаа…

Үнэндээ дөрвөн эхнэр бол бидний амьдралын нэгээхэн хэсгүүд юм.

-Дөрөв дэх эхнэр бол бидний бие цогцос юм. Бид бие цогцсоо яаж ч хайрлаж, гоёж гоодоод, сайхан харагдуулах гэж хичээсэн ч хэзээ нэгэн цагт бие маань биднийг орхиод л үлдэнэ.

-Гурав дахь эхнэр бол бидний хэргэм зэрэг, эд хөрөнгө, цуглуулсан баялаг маань билээ. Гэхдээ бид үхэхэд эд баялаг өөр хэн нэгнийх болж, биднийг орхидог.

-Хоёр дахь эхнэр үү? Тэр бол бидний анд нөхөд, гэр бүлийнхэн маань юм. Бидэнтэй хэдий ойр байж, зовлон жаргалыг хамт туулавч, үхэх цагт үдээд хоцордог шүү дээ.

-Харин анхны эхнэр бол таны амьдрал, зүрх сэтгэл, амьдралын тань туулж өнгөрүүлсэн хором бүр байх болно. Та түүнийг байгаа үед нь хайрладаггүй, бас санадаг ч үгүй. Гэхдээ эцсийн эцэст үхэхэд энэ бүх сайхан мөчүүд бидэнтэй хамт үүрд явдаг юм.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button