Танин Мэдэхүй

Чонын бэлтрэг ч цагаан сүү амсаж өсдөг

Хүү өдөржин гуйлга гуйж суугаад юу ч олсонгүй. Гэвч гэртээ харихаас айж байлаа.Хоосон орвол хойд эцэг нь түүнийг яахыг тэрээр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх хойно. Хүний хөл тасартал суугаад ч тусыг эс олсон хүү арга буюу оромжруугаа гэлдэрлээ.

Уг нь дүүгээ тэврээд суухад арай ч ингэж хоосон гуяа ганзагалж харьдаггүйсэн. Гэвч дөнгөж хөлд орон тэнтэр тунтар гишгэн, газар тамгалж байгаа дүү нь сүүлийн үед хүүд оногдохоо болиод байгаа билээ. Учир нь хойд эцэг, ээж хоёр нь ээлжээр дүүг нь тэврэн гуйлга гуйж олсон мөнгөөрөө өөрсдөө архи аваад уучихна. Харин хүүгийн олсон мөнгөөр тэднийх өл залгуулдаг байлаа.

Өдөржин хоосон ходоодтой, хоолойгоо сөөтөл дуулсан хүү хөлөө арай ядан зөөсөөр оромждоо ирлээ. Хоолой нь цахиртан чарлах дүүгийнхээ дууг сонсоод хүү оромжныхоо үүдээр яаран шагайвал хойд эцэг, ээж хоёр нь хөндлөн гулд унасан харагдана. Ойр хавиар нь дүүрэн тамхины иш, архины шил хөглөрнө.

Даахирч ширэлдсэн үс, халтар нүүртэй дүү нь хоёр гараа сарвагануулан эхэр татан уйлах нь энэ тэрүүгээрээ ханзарсан хуучин муу зуухны онгорхойгоор дүрэлзэх галын гэрэлд харагдлаа. Ахыгаа харсан жаахан дүү нь ээрч мууран мөлхсөөр ирэв.

Хүү дүүгээ өргөж аван амруу нь хийчих юу ч үгүй ирсэндээ харамсан идэх юм хайн энэ тэрийг онгичоод юу ч олсонгүй. Тэрээр дүүгээ аргадан бүүвэйлсээр унтуулаад өөрөө хажуугаар нь хэвтсэн ч өдөржин хоосон байсан ходоод нь хонхолзоод унтах шинжгүйд ямар нэгэн юм олж ходоодныхоо мухарт хийхээр оромжноосоо гарлаа.

Гудамж уруудаад явж байтал нэгэн нохой амандаа том яс зуусаар зам хөндлөн гарч явтал гэнэт гэрэл гялсхийн нөгөө нохой ч харанхуйг цочоон гаслан гийналаа. Нохой газар унан тийчилж амандах яс нь хол үсрэн хүүгийн хажууд унав. Машинаас халамцуу залуус хараал тавьсаар гарч ирэхийг ч хүү анзаарах сөгөө байсангүй. Нөгөөх ясыг ухасхийн шүүрч аваад эргэн гүйлээ.

Гэртээ иртэл нөгөө муу оромжноос нь гал авалцан шатаж дүү нь хахаж цацан уйлах сонсдов. Хүү ч ухасхийн орж дүүгээ гаргаж ирээд түрүүчийнхээ амь дүйн олсон овоо мөлжүүртэй ясаа дүүдээ бариуллаа. Тэгээд дахин орж ухаангүй хэвтэх ээжийгээ арай гэж чирсээр гаргаж ирлээ.

Хүү амьсгаагаа ч дарж амжилгүй яаран дахин оромжруу орох гэснээ зогтусав. “Энэ муу зэвүүн царайтай чонын бэлтрэг. Томрохоороо яг л нөгөө долоо буудуулсан чоно гэдэг болно доо” гээд хойд эцгийнх нь хөмхийгөө зуун дайрч буй төрх нүдэнд нь харагдах шиг болов. Оромжыг гал битүү нөмөрлөө.

Хүү мөлхөн орж хойд эцгээ хоёр хөлнөөс нь чирч эхлэв. Хуучин муу оромж нь юу юугүй нуран хүүг дарах гэж байсан ч хүү хойд эцгээ чирсээр л байлаа. Энэ үед хойд эцэг нь сэрж, “Өө муу чонын бэлтрэг яах гээд байна аа” хэмээн яраглахад хүү, “Аав минь тэсээрэй. Чонын бэлтрэг ч гэсэн цагаан сүү амлаж өсдөг юм шүү дээ” хэмээн амьсгаадан зүтгэсээр дөнгөж гаргатал өнөөх муу оромж нь нуран уналаа.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button