Энтертайнмент

“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч, шүүгч нартай танилц

Монгол HD телевиз дэлхийн томоохон шоунуудыг Монголдоо нэвтрүүлэн олонд түгээдгээрээ олны талархлыг хүлээдэг билээ. Тэгвэл өнөөдөр дэлхийн томоохон шоу нэвтрүүлэг болох “Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг дуулиан шуугиантайхан үзэгчдэд хүрч эхэлж байна.

Ингээд өнөөдөр энэхүү нэвтрүүлгийн анхны дугаар гарснаар оролцогчид болон шүүгчид нь тодорхой боллоо.

Шүүгч нараас танилцуулбал:

С.Наран – “Поп дива”, Монгол дуучдын ноён оргилуудын нэг, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Сүрэнжавын Наран. Өөрийн гэсэн онцгой өнгө төрх, байр байдлаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн тэрээр бүжиг дуу хоёрыг хослуулан хөглөгдөж буй эрхэмсэг нэгэн билээ.

Тэрээр сүүлийн таван жилийн турш Бачата, Кизомба, Аргентин Танго, Румбо болон Салса бүжгийг сонирхон хичээллэж байгаа юм.

О.Саранхүү – Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, Латин формейшн бүжгийн ДАШТ-ний 5, 6-р байрны шагналт “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдсан багш дасгалжуулагч, бүжиг дэглээч, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Очирхүүгийн Саранхүү.

Тэрээр бүжгийн спорттой амьдралаа салшгүй холбоод 20 жил болж байна. Эрхэм шүүгч О.Саранхүүгийн дасгалжуулсан тамирчдаас бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 21 тамирчин, спортын мастер 35 тамирчдыг өдгөө бий болгож бүжгийн спортын хөгжил, Монгол улсын багийн спортын амжилтад үнэтэй хувь нэмрийг оруулж буй хүндэт хүн билээ.

Ш.Баасан – СТА, продюсер, бүжиг дэглээч, найруулагч, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Шүнгээгийн Баасан. Тэрээр улсын чанартай 30 гаруй томоохон тэмцээн уралдаанд бүжиг дэглээч, найруулагчаар ажиллаж, дэлхийн 40 гаруй оронд бүжгийн урлагийг сурталчлан таниулж тэмцээн, уралдаан, наадмуудад оролцсон билээ. Түүний амьдарлын 20 жил бүжгийн спорттой салшгүй холбоотой.

Э.Ууганбаяр – СТА, жүжигчин, найруулагч, продюсер, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Энхбатын Ууганбаяр. Тэрээр МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн, “Алтан гадас” одонт Хүмүүнлэгийн элч билээ. Шүүгч Э.Ууганбаяр нь “Авьяаслаг Монголчууд – 1, 2” болон “The Voice of Mongolia – 1, 2” шоуны эрхэм хөтлөгч, ард түмний хайртай хүү хэмээн өргөмжлөгдсөн юм. Түүний хувьд бүжгийн спорттой 2001 оноос эхлэн өдийг хүртэл холбогджээ.

Оролцогч нартай танилц.

Рэппэр Н.Цэцэнбилэг нь 2004 онд Vanquish хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд өөрийн бие даасан “Нийслэл хүү”, “Халзан толгой Хоёр соёо”, “220” зэрэг соло цомгуудаа гаргаж, мөн дуу хөгжмөөс гадна кино урлагт хүч сорин “Хоёр гүүрний цаана” киноны гол дүр, “Гацуурхан” киноны туслах дүрийг бүтээсэн хөдөлмөрч чадварлаг залуу уран бүтээлч юм.

Түүний хамтрагч Б.Золжаргал нь СУИС-ийн бүжгийн багш, бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд Латин, Стандарт, Монгол бүжгийн төрлөөр 10 жил хичээллэж буй туршлагатай чадварлаг залуу уран бүтээлч юм.

“Сhance” агентлагийн гүйцэтгэх захирал, “Single ladies 2” киноны цагаан морьтой ханхүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш. Тэрээр МҮОНРТ-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүр дэслэгч Батхүүгийн дүрээр үзэгчдийн танил болсон билээ.

Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын мастер Т.Нандин-Эрдэнэ нь Латин, Стандарт бүжгийн төрлөөр 15 жил хичээллэж байгаа бөгөөд хамтлаг төрлөөр МУ-ын 5 удаагийн аварга, 2014- 2016 онуудад Латин Формейшн бүжгийн ДАШТ-ийн шагналт байранд шалгарч байсан чадварлаг залуу бүжигчин юм.

Азийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч Э.Энхболд нь “O couture” болон “Cabi” брэндийн үүсгэн байгуулагч бөгөөд Говь брэндийн нүүр царайгаар Монголын ард түмэнд хэдийнээ танил болсон туршлагатай, чадварлаг загвар өмсөгч юм.

Түүний бүжгийн хамтрагч Б.Эрдэнэдулам нь 22 жилийн турш бүжгийн спортоор хичээллэж буй туршлагатай бүжигчин бөгөөд 2014-2017 онуудад Латин Формейшн бүжгийн төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шагналт байр болон цомын эзнээр шалгарч байжээ.

Шоуны оролцогч Ч.Ундрал нь дуучин, хөтлөгч, нэвтрүүлэгч, жүжигчин, урлагийн маркетер гэх олон төрлийн ажил хийдэг адтай бүсгүй билээ. “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Тавилан”, “Би чамд хайртай-2” “Ээжээ надтай гэрлээч” зэрэг кинонуудаар нь үзэгчид мэдэх билээ.

Түүний бүжгийн хамтрагчаар 10 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа бүжгийн багш дасгалжуулагч, Бүжгийн спортын Олон Улсын Хэмжээний Мастер Б.Өлзий-Орших.

МУГЖ С.Эрдэнэцэцэг нь уртын дуучин мэргэжилтэй бөгөөд УДБЭЧ-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн гол дүр Дэжидийн дүрийг бүтээснээс гадна Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууг амилуулсан авьяаслаг, үзэсгэлэнтэй уран бүтээлч юм.

Түүний хамтрагч бүжгийн спортын багш, дасгалжуулагч Б.Мөнх-Очир нь Латин, Товшуур, Жааз бүжгийн төрлөөр 20 жил хичээллэж буй өндөр туршлагатай бүжигчин юм.

“Андра академи”-ийн багш, гэрээт модель, жүжигчин Ц.Аззаяа. “Мисс Монголиа-2015” наадмын “Тэргүүн титмийн эзэн”, “Miss Asia” 2018 оны тэргүүн мисс. “Рекет” киноны гол дүрд тоглосноор олонд танигдсан залуу уран бүтээлч.

Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал нь 5 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа, Спортын багш дасгалжуулагч, Moon Dance энтертайнментийн багш дасгалжуулагч, Олон улсын бүжгийн тэмцээнд маш амжилттай оролцдог чадварлаг бүжигчин юм.

Поп од Б.Маралжингоо 14 насандаа “17 нас” дуугаа гаргаж тухайн дуу нь хийт болсон. Түүний бие даасан уран бүтээлүүд болон бусад хамтлаг дуучидтай хамтарч гаргасан дуунууд нь цаг үеэ байлдан дагуулж чаддаг чадварлаг дуучин гэдгийг нь хүн бүр мэдэх билээ.

Түүний бүжгийн хамтрагч Т.Лхагвасүрэн нь 14 жил бүжгийн спортоор хичээллэж буй бүжгийн спортын мастер, “Хатантуул” хамтлагийн гишүүн, бүжиг заах чадвартай бөгөөд 14 жил бүжиглэх хугацаандаа 6 жил багшилж байгаа туршлагатай нэгэн билээ.

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров нь 2006 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд уянгалаг хоолой, өтгөн сайхан хөмсгөөрөө сонсогч фэнүүддээ танигдаж ард түмний сонсох дуртай “Хонгор чамдаа”, “Дурлан дурлан хайрламаар” дуунуудыг амилуулсан билээ.

Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер Э.Түвшинзаяа нь Латин, Балет , Жазз болон бүжгийн бусад төрлүүдээр 10 жил хичээллэж буй туршлагатай авъяаслаг бүжигчин юм. Тэрээр 2017-2019 онуудад ХБНГУ, БНХАУ , Англи улсад зохиогдсон Латин Формейшн бүжгийн ДАШТ тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.

Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир нь 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм. Түүний хувьд 2009 оноос үндэсний шигшээ багт элссэн бөгөөд 2014 онд Азийн наадамд амжилттай оролцож Монгол улсын сагсан бөмбөгийн спортын түүхэнд тод амжилтыг үзүүлсэн байдаг.

Түүний хамтрагч СТА бүжигчин Б.Халиун нь Латин Стандарт, Монгол бүжгийн төрлөөр 14 жил хичээллэсэн туршлагатай бөгөөд Mongolia Entertainment хамтлагийн бүжиг дэглээч, бүжигчнээр ажилладаг.

Б.Баттөр буюу “Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан тэрээр томоохон компаниудын рекламны нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд өрсөлдөөд алтан медаль хүртээд зогсохгүй Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм.

Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, бүжгийн спортоор 6 жил хичээллэж буй бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун юм. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй “Шарка Барка” dance чалленжийг явуулж байгаа шинийг санаачлагч юм.

Шоуны оролцогч хүчирхэг эмэгтэй, жүжигчин Д.Ганцэцэг. 2003 онд бүтээгдсэн Жинжиймаа киноны Хонгорзулын дүрээр анхлан олонд танигдаж, “Миний нууц”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг кино болон “Цахлай”, “Надаар тоглосон хайр” зэрэг тайзны жүжигт тоглож, “Халуун зүрх” киноны найруулагчаар ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

Түүний бүжгийн хамтрагч Ч.Анхбаяр нь бүжгийн спортын мастер, 15 жилийн турш бүжгийн спортоор хичээллэж буй, бүжиг дэглэж багш дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай. МУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хамтлаг төрлөөр 6 удаа, стандарт хосын төрлөөр 5 удаагийн аварга болсон.

Залуусыг байлдан дагуулж байсан “Спайк” хамтлагийн гишүүн, соло уран бүтээлч, дуучин, хийл хөгжимчин Р.Номин-Эрдэнэ. 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулсан.

Түүний бүжгийн хамтрагч Б.Батманлай нь 14 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа бөгөөд “Хатантуул” хамтлагийн бүжигчин, 2012 онд тв5 телевизийн ододтой бүжиглэе шоунд мисс Содтуяатай оролцоод тусгай байр эзэлж байсан, авьяаслаг бүжигчин юм.

Мисс одонтой ээж, Галагийн Ану нэрээр олонд танигдсан дуучин, “Tara Vision” агентлагийн захирал, “Хөөрхөн дэлхий” ТББ үүсгэн байгуулагч, шоуны оролцогч үзэсгэлэн бүсгүй Ч.Уранхолбоо.

Түүний бүжгийн хамтрагчаар 14жил бүжгийн спортоор хичээллэж байгаа, Master dance клубын багш, дасгалжуулагч, TV5 телевизийн ододтой бүжиглэе шоунд амжилттай оролцож байсан туршлагатай бүжигчин Б.Содмягмар.

“Эмоци” продакшны залуу жүжигчин. Алдар & Жерри олон ангит хөгжилтэй контентоороо илүү олон хүнд танигдаж, “Түцний охин”, “Рекет” “One nigh” “Улаанбаатар би чамд хайртай” кинонуудад тоглосон адтай оролцогч Т.Бадамжав.

Түүний бүжгийн хамтрагч Б.Алтанхөлөг нь 20 жил бүжгийн спортоор хичээллэж буй, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, Moon dance entertainment-н бүжигчин, залуухан эрч хүчтэй бүжигчин юм.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button