Энтертайнмент

Тесла компанийн зах зээлийн үнэлгээнээс $267 тэрбум хасагдав

2020 оны турш галзуу хурдаар өсөж байсан Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэ ханш сүүлийн сар гаруй хугацаанд тогтмол унасаар байна.

Зөвхөн өчигдөр буюу Баасан гарагт нэгж хувьцааны үнэ нь 7.5 хувиар унаж, $575-д хүрсэн нь нэгдүгээр сарын 26-ны өдрийн оргил хэмжээ болох $883-аас даруй 35 хувиар буурсан хэрэг байв.

Үүний үр дүнд нэгдүгээр сард $834 тэрбумд хүрээд байсан зах зээлийн үнэлгээ нь $267 тэрбумаар буурч, $567 тэрбумд хүрчээ.

Тесла компанийн хувьцааны 20 орчим хувийг эзэмшдэг үүсгэн байгуулагч Илон Маскын хөрөнгийн хэмжээ ч бас энэ хэмжээгээр буурсан байна.

Өнгөрсөн сард тэр хэсэгхэн хугацаанд дэлхийн хамгийн баян хүний титмийг зүүж байв. Харин өнөөдрийн байдлаар Маскын хөрөнгийн хэмжээ $7.5 тэрбумаар багасаж, $162 орчим тэрбумд хүрчээ.

Тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийд Амазон компанийн босс Жэф Безосын дараа хоёрт жагсаж байна.

Хувьцааны ханш унаж буйн нэг шалтгаан нь хөрөнгө оруулагчдын дунд тус компанийг хэт өндөр үнэлэгдсэн байх вий гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотой.

Мөн АНУ-ын засгийн газрын бондын өгөөж өссөн нь хөрөнгө оруулагчид бага ноогдол ашиг төлдөг компаниудаас татгалзах шалтгаан болж байна. Тесла компани хэзээ ч ноогдол ашиг төлж байгаагүй юм.

Гэхдээ зарим өөдрөг үзэлтэй хөрөнгө оруулагчид Теслагийн нэгж хувьцааны үнэ ирэх 10 жилийн дотор $2,000 хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: The Guardian

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button