Танин Мэдэхүй

Тоосго

Ажил амьдрал нь амжилттай яваа залуу эр аваад дөнгөж л хоёрхон сар болсон 12 цилиндрийн гялалзсан хар Ягуараараа бага зэргийн хурдтай явж байлаа.

Ингэж явах зуураа залуу зогсоолд тавьсан машинуудын хооронд гүйлдэх хүүхдүүдийг ажиглаж байв. Залуу эр хүүхдүүдийн хажуугаар хурдаа хасан болгоомжтой гарч явахад, яах ийхийн зуургүй нэг тоосго нисэн ирж машиных нь гялалзсан хаалгыг цөм цохиж орхих нь тэр.

Залуу галзуурсан мэт уурлан огцом ухарч, тоосго шидсэн хүүхдийг машины зогсоолд шахаж машинаасаа үсрэн буулаа.

Залуу эр хүүг барьж аваад “Яагаад тоосго шидэж байгаа юм бэ? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ. Ямар үнэтэй машин гэдгийг нь мэдэх үү? Чамд төлөх мөнгө байгаа юм уу” хэмээн сэгсчин хашгирлаа.

Хүү нулимсаа дуслуулан “Өршөөгөөрэй ноёнтоон, өршөөгөөрэй… Намайг уучлаач дээ. Би үүнээс өөр юу ч хийж чадахгүй байсан юм. Хэн ч зогсохгүй байна шүү дээ” гэж уйлагналаа.

Тэгээд машины цаад руу жижигхэн хуруугаараа зааж “Миний ах тэнд байгаа. Би тэргэнцрээс нь унагаачихлаа. Та надад туслаач. Би өргөж дийлэхгүй байна” гэв.

Учрыг нь сонсоогүйгээсээ болж хэтэрхий түргэн аашилсандаа харамссан залуу эр гэнэт бүлх залгисан юм шиг болж, юу ч дуугарч чадсангүй.

Тэгээд залуу эр, хүүгийн ах руу очиж, тэргэнцэрт нь өргөж суулгаад цэвэрхэн алчуур гарган ирж, шархыг нь цэвэрлэлээ. Дараа нь бяцхан хүүг ахыгаа хэрхэн түрж, гудамж уруудахыг харж удаан зогсоод 12 цилиндрийн гялалзсан хар Ягуараараа цааш зөөлөн явлаа.

Залуу эр үүнээс хойш Ягуарынхаа цөмөрсөн хаалгыг огт засуулаагүй ажээ. Учир нь зарим тоосго бусдаас зөөлөн буудаг гэдгийг энэ хаалга түүнд үргэлж сануулдаг байсан юм.

Тоосго, гялалзсан хар Ягуарын хаалга эвдсэн ч, харин залуу эрийн сэтгэлийг эвдэж чадаагүй билээ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button