Энтертайнмент

Тэмээлзгэнэ

Жижигхэн цөөрөмд ургасан сараана цэцгийн үндэс орчмын булингартай усанд, бяцхан усны цох өөр бусад цохнуудын хамт амьдран суудаг байжээ.

Тэдний амгалан тайван байдлыг алдагдуулах ямар ч зүйл тохиолддоггүй болохоор өдөр өдрийг ая тухтай, амгалан тайван өнгөрөөнө. Гэтэл нэгэн өдөр цох хорхойнуудын нэг нь сараана цэцгийн үндсээр дамжин уснаас гарснаас хойш эргэж ирсэнгүй.

Цохнууд түүнийг үхсэн гэж бодоод ихэд гуниглажээ. Алга болсон цохонд юу тохиолдсоныг мэдэх гэсэн хүсэл өөр нэгэн бяцхан усны цохыг тайван байлгахыг болилоо.

Тэгээд уснаас гарч юу болсныг мэдээд эргэн ирж нөхөддөө бүгдийг ярина гэж амлаад, цэцгийн ишээр дамжин дээш авирлаа. Нэлээд удаан авирсны эцэст уснаас гарч цэцгийн оройд хүрэв.

Нар дулаан элчээр ээж, бяцхан цох ч нэлээд ядарсан тул хэсэгхэн зүүрмэглэв гэнэ. Бяцхан цох хэсэг амраад сэрээд хартал бие нь өөрчлөгдөж, туяхан нарийн бие, өргөн далавчтай үзэсгэлэнт хөх цэнхэр тэмээлзгэнэ болон хувирчээ.

Бяцхан цох далавчаа дэвэн хөөрч, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй ертөнцийн гоо сайхныг гайхан бишрэн нислээ. Цох гайхамшигт ертөнцийг бахдан нисч явахдаа гэнэт булингартай усанд үлдсэн нөхдөө санаж, алга болсонд нь санаа зовж байгаа хэмээн бодов.

Тэр урьд өмнө хэн ч мэдээгүй энэ зүйлийг нөхөддөө хэлэхээр буцахыг хүссэн ч, амласандаа хүрээд амьдрал нь дуусна гэдгийг ч бас ойлголоо. Усанд буцаж орвол хэзээ ч уснаас гарч ирэхгүй гэдэг нь эргэлзээгүй. Учир нь тэр одоо усны цох биш болсон шүү дээ.

Гэсэн ч бяцхан цох амласандаа хүрэхээр шийдэж, ус руу шумбан орох гэсэн боловч, шинэхэн бие нь усанд живсэнгүй. Тэрээр сайхан мэдээгээ нөхөддөө хэзээ ч хэлж чадахгүй болсондоо гунигласан ч, нөхөд нь зориглож л чадвал хэзээ нэгэн цагт түүний мэдсэн гайхамшгийг олж мэднэ гэдэгт итгэлээ. Бяцхан цох жигүүрээ дэлгэн шинэ амьдрал руугаа баяртайгаар нисэн одов…

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button